Thursday, April 11, 2013

Даян аварга А.Сүхбат: Монгол бөхчүүд өөрсдийгөө төдийгүй өргөн олноо хуурч байна

 

Дархан аварга Х.Баянмөнх, Даян аварга А.Сүхбат нар “Олимп” сургууль байгуулж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээллээ. Олимпийн аварга бэлтгэх хэмжээний сургууль байгуулж, өөрөө барилдаж чадаагүй, дундуур үлдсэн хүсэл мөрөөдлөө гүйцээнэ гэсэн мэдэгдэлдээ хүрч байгаагаа тэд тайлбарлаж байлаа. Нийт таван үе шаттайгаар, 14 наснаас нь элсүүлэх тус сургуулиас хэзээний олимпод, хэн гэдэг тамирчин, ямар медалийн болзол хангахыг урьдчилан мэдээлж байх гэнэ. “Олимп” сургуульд Дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт, спортын мастер О.Пүрэвбат, Олимпийн хүрэл медальт, Азийн аварга Нармандах нар багшлах юм байна. “Олимп” сургуулийн ерөнхий захирал, Даян аварга А.Сүхбатаас сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа. Гэхдээ энэ нь сургуультай нь холбоотой гэхээсээ илүүтэй өөртэй нь холбоотой асуудлууд байсан юм. Тэрээр:
-Кёкүшюзан Батбаяр “Шонхор” клубийн анхлан элсэгчдийн нэг. Д.Батбаяр сумогийн дэвжээ байгуулах саналтай байгаа. Тийм болохоор бид хойтонгоос сургууль дээрээ Д.Батбаярын саналаар сумогийн дэвжээ байгуулах байх гэлээ.
-Та Цагаан сараар барилдах уу?
-Эрүүл мэндээ бодсон ч, шавь нараа бодсон ч бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа. Барилдахад асуудал байхгүй. Гэхдээ өнөөдрийн монгол бөхийн амьдрал, шудрага бус бодлого надад таалагдахгүй байна. Монгол бөх шудрага сайхан болж, монгол бөхийн дэвжээ ариун болсон тэр цагт би барилдана. Манай бөхчүүд өөрсдийгөө төдийгүй өргөн олон, ард түмнээ хуураад явж байна. Энэ шудрага биш байдалд би барилдахгүй.
-Танд ямар санал байна?
-Үндэсний бөх барилдаж байгаа бөхчүүдэд насны зааг гаргах ёстой. Монгол бөхийг залуу хүний тэмцэлддэг спортын төрөл байгаасай гэж би боддог. Бид чинь хоёр сая гаруй хүмүүсийн урд өмсгөлөө өмсөөд гарч байна шүү дээ. Тийм болохоор залуу, хүдэр чийрэг сайхан биетэй, хийморьтой сайхан залуучуудын тэмцэл байгаасай. Тэгээд Монголын Үндэсний их баяр наадам болдог. Гадаадын олон зочид ирж, дэлхий дахинаа мэдээ мэдээллүүд цацагддаг. Тэгэхэд нь хүн харахад ичмээр биетэй хүмүүсийн өмнөөс ичих хэцүү шүү дээ. Бие хаа нь шуугдчихсан хөгшин хүн сайхан залууг л унагаад байдаг. Ер нь бөхчүүдийн дотоод амьдрал их хэцүү. Ах дүү, нутаг усныхан нь нийлээд нэг залуугаа начин болгодог. Нөгөөх нь доор үлддэг байх жишээтэй.
-Бөхийн цолыг та юу гэж боддог вэ?
-Харцага, гарьд цолыг өгөх болсонд их харамсдаг. Хэдэн онд ямар хаан аварга, арслан цолыг бий болгож, ард түмэнтэйгээ хамтран баталсан юм. Энийг судлах хэрэгтэй. Гэтэл олон зууны турш байсаар ирсэн энэ уламжлалыг Бөхийн холбооны тэргүүн Нямдорж гэдэг хүн ганцаараа хаалгаа түгжиж байгаад өөрчилчихдөг нь их харамсалтай. Монгол бөхийн ёс зүй уламжлалыг бөхчүүд биднээс асуухгүйгээр шийдэж байна. Ард түмний соёлоор тоглож байна. Ер нь бол харцага, гарьд цол өгснөөр, дөрөв, зургаагийн давааг оноолтоор өгснөөр байдал өөрчлөгдөхгүй. Жишээ нь МУ-ын начин цолыг заавал наадмаар өгдөг биш. Залуусыг барилдуулаад жилийнх нь амжилтыг харж байгаад өгдөг байж болно. Саяхан Аваргуудын зөвлөл гэж байгуулагдсан. Бид олон жил барилдаж энэ хүндтэй цолыг авсан. Тэгээд аварга болж, ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдсэн хүмүүс хойч үеэ сурган хүмүүжүүлэх, хойч үеэ бэлтгэх өртэй гэж ойлгож явдаг. Бөхийнхөө их хурлыг хуралдуулъя гэсэн санал гараад явж байгаа. Монгол бөх удахгүй сайн болох байх.
Даян аварга А.Сүхбатын “Олимп” сургуулийн нээлт 12 сарын 12-ны өдөр болох гэнэ. Гадаад дотоодын томоохон зочид төлөөлөгчид сургуулийн нээлтэнд ирнэ гэдгээ амалсан хэмээн Дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдэгдлээ.


"Монгол цэргийн өдөр"-ийн барилдаанд у.г И.Доржсамбуу үзүүрлэлээ....

 

Зэвсэгт хүчний 92 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Барилдааныг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав үг хэлж нээв.

Энэ удаагийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, Т.Санчир, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Хера холдинг компаний бөх улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Алдар спорт хороо, Булганхангай дэвжээ, Авзага трейд компаний бөх улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэлээ. Түрүү бөх улсын начин Р.Пүрэвдагвын хувьд с.з У.Берек, а.з Л.Жамсран, а.а Б.Дэлгэрсайхан, у.х А.Цацабшир, у.н Ду.Батбаяр, у.г Д.Рагчаа, у.а П.Бүрэнтөгс, у.г И.Доржсамбуу нарын бөхчүүдээр найм даван өнөөдрийн барилдааны түрүү бөхөөр шалгарсан юм.

Барилдаанд улсын арслан 4, улсын гарьд 2, улсын заан 1, улсын харцага 5, улсын начин 22, аймаг цэргийн арслан 55, аймаг заан 18, аймаг цэргийн харцага 14, аймаг цэргийн начин 48, сумын цолтой 55, нийт 224 бөх зодоглосон юм. Нэгийн даваанд өсөх идэр начин Ж.Отгонбаяр Бөхбилэгтийн Ж.Цэрэндаваад, Ж.Оргил Хөвсгөлийн Б.Даваа-Очирт тус тус өвдөг шороодов.

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, Дулааны цахилгаан станц - IV -ийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Улаангом сумын харьяат Увснуур дэвжээ, БХИС-ийн бөх улсын харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлдэв.

Билгийн тооллын XVII жарны

 

 

 Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрллөө. Могой жилийн сар шинийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс,  улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Д.Бумбаяр, Д.Баасандорж нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодогов. Монгол бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон төрийн тэргүүнүүд морилжээ.


Даян аварга А.Сүхбат "Ирээдүйн аварга" шагналаа Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн арслан Төрөөгийн Баасанхүүд гардуулсан бол Улаанбаатар хивс ХХК  "Цахиур хагалах бөх" - ийнхөө шагналыг Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх улсын харцага Г.Намсрайжавын хүү аймгийн арслан Н.Батсуурьт гардууллаа.

Өнгөрсөн жилээс “Ситико аудит” ХХК бүтэн жилийн турш хамгийн олон барилдаанд хамгийн амжилттай барилдсан бөхийн шагнал өгөх болж улсын заан Б.Соронзонболдод олгож байсан бол энэ жил нийт 89 даваагаар бусдыгаа манлайлсан Төв аймгийн Баянхангай сумын харьяат ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээ, ИНЕГ-ын бөх улсын начин Батзоригийн Батмөнхөд өгөв.

Ийнхүү Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр найм даван түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат ХХЕГын Хилчин спорт хороо, Монголросцветмет нэгдлийн Уурхайчин клуб, Увснуур дэвжээний бөх улсын аварга Сүхбаатарын Мөнхбат үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, ЗХ-ний Алдар спорт хороо, Дүнжингарав дэвжээ, АПУ ХК-ний бөх улсын арслан Доржпаламын Ганхуяг,  Ховд аймгийн Чандмань сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан нар шалгарч үлдлээ.